Өнгөрсөн, өнөөдөр ба ирээдүй…

Enkhbolor Gantulga
4 min readAug 3, 2020

--

Өнгөрсөн цаг хугацаанд хамгийн ихээр ганцаараа байх явдал 2020 онд тохиож байх шиг байна л даа. Бас яаж зүгээр байхав гээд 3 хоног бүхий л нийгмийн сүлжээний хэрэгслүүдээ устгаж энэ хугацаанд өөрийн бодол мөн мэдрэмжүүдтэйгээ хамт өнгөрүүлсэн байдаг юм. Энэ 3 хоногт юу болсон тухай таалан сонирхоно уу.

3 өдрийн аялалдаа гарсан нь

Өдөр бүрийг өөр өөр цаг хугацаанд зарцуулахаар шийдэж, эхний өдрөө зөвхөн “өнгөрсөн” буюу өнөөдрийг хүртэлх бүхий л зүйлийг эргэцүүлэн бодож, мэдэрч өнгөрүүлсэн бол хоёр дахь өдрийг “яг одоо” хэмээн нэрийдэж, сүүлийн өдрөө “ирээдүйн” тухай тунгаах аялалдаа гарав.

Эхний өдрийн алхалт

ӨНГӨРСӨН / Day1/

Миний бие … өргөдөл гаргаж байгаа мэт хаха… өнөөдрийг хүртэлх хугацаанд юунд ач холбогдол өгч, хэнтэй нийлж, ажил амьдралаа хэрхэн зарцуулсан юм болдоо гэсэн асуултуудыг уулын өөд мацахдаа өөрөөсөө асууж үзлээ.

Зарим нэг үеээ бодохлээр нэг л тийм үргэлж юманд яарч, тэвдсэн. Ганцаараа байхдаа юу хийх учраа олдоггүй. Ганцаардлаас айж, хэн нэгэнтэй л хамт байж тэр хоосон орон зайг нөхөх гэж оролддог. Эргэн тойрны хүмүүс, ажил, төслүүдээ алдахаас хамгаас их айдаг. Эсвэл эсрэгээрээ аль хэдийнээ дуусгах ёстой байсан харилцааг тэжээгээд л… Үргэлж завгүй, аливаад санаа зовсон, өөрчлөлтөөс эмээсэн, өөрийн биеийн өөг л харж чаддаг. Хүн болгонд таалагдах гэж хичээдэг нэгэн байв.

Яахав зөндөө олон сайн тал байв ч гэхдээ ихэнхдээ “Би” гэх хүнийг найз нөхөд, гэр бүл, эргэн тойрны хүрээлэл, ажил мэргэжил, хийсэн бүтээсэн зүйлээр л төсөөлдөг байсан байж. Тэгвэл өнөөдрийн би гэдэг хүн яг юу юм бол? гэх асуултыг өвөртлөн орондоо орлоо.

2дахь өдрийн алхалт

ӨНӨӨДӨР /Day 2/

Далайн эрэг алхах замд урьд өмнө очиж үзээгүй хотын хэсэгт очихдоо “яг одоо” гэх орон зайд бүтэн өдрийг өнгөрүүлэхийг хичээлээ. Гэрээс гараад автобусанд суухдаа цонхоор харагдах дүрслэл бүрийг анхаарч, бараг 3 цаг явж очих тэр хугацаанд аль болох бүхий л мэдрэхүйг ашиглан сонор соргог байх гэж хичээлээ.

Амьсгал авч гаргах тоолонд нээх тийм цаг хугацаа зогссон мэт мэдрэмж төрж… хаашаа ч яарахгүй … хэн рүү ч тэмүүлэхгүй … бодол санаа огт зовнилгүй … яг тэр хугацаанд яг тэр мөчид байгаль дэлхийн нэгээхэн хэсэг нь мөн гэдгээ мэдэрч … эрх чөлөө гэдэг чинь энэ л юм байна даа гэх бодол төрлөө.

3 дахь өдөр

ИРЭЭДҮЙ /Day3/

Сүүлийн өдрийн аялал нь гэртээ өнгөрсөн байдаг юм. Ердийн нэг өдөр мэт өглөөнийхөө тогтсон заншлын дагуу гарч 30 минут алхаад, орж ирээд йогын дасгалаа хийж, бясалгалаа хийж дуусмагц кофегоо чанаж байх зуур номоо барьж аваад суулаа. Энэхүү дадал маан бүүр нэг шашны үйл мэт юутай ч өглөөний 1 цагийг өөртөө зориулдаг — өөрийгөө хайрлахыг нэг илэрхийлэл мөн юм байна гэдгийг олж харав.

Тэрээр “Sacred Frankinsense” амин тосоо ууршуулан бодохдоо энэ оны эхэнд тавьсан хэдэн зорилгуудаа эргэцүүлэн харлаа.

#Зорилго2020:
1. Өөрийгөө хайрлаж, өрөөлд энэрэнгүй хандах.
2. Аливаа нөхцөлд өөрийн орон зайг хамгаалан нандигнаж хүмүүст эрс илэн далангүй хандах.
3. Дотоод амгалан бус байдлыг минь өдөөдөг зүйлсийг ажиглаж, сургамжлан авах.

Энэ жилийн хувьд эдгээр зорилгуудыг бүүр нэг цаанаасаа л туршиж, амьдралдаа хэрэгжүүлэхэд дэндүү таатай жил болж хувирсныг хэлэх үү… өөрийнхөө хувьд дараах хэдэн зүйлийг бодит болгож чадсан л гэж харлаа:

  1. Гав ганцаараа байж сурсан бөгөөд бүүр тэр цагтаа дурлаж, энэ цаг яагаад надад хэрэгтэйг ойлгосон.
  2. Өөрийнхөө “эерэг” мөн бүхий л “сөрөг” талуудаа ажиглаж, мөн энэ бүх тал надад байгаа болоод Энхболор гэдэг хүн байгааг хүлээн зөвшөөрөх оролдлогуудаа хийж байгаа.
  3. 2020 онд маш олон дотно байсан хүмүүсээс холдож мөн тэдгээрийн сонголтуудыг шүүмж, шүүлтүүргүйгээр хүлээн зөвшөөрч сурч байна.
  4. Аливаа шинэ хүмүүсийг амьдралдаа угтан авахдаа “энэ хүн яагаад миний амьдралд байх ёстой вэ?” гэдэг өнцгөөс бус “бид хоёр яаж нэг нэгнээ илүү гоё хүн болгож болох вэ” гэж харж дотносох болсон.
  5. Хамгийн гол нь “Би хүн болгонд таалагдах албагүй” гэх ухагдахууныг амьдралдаа хэрэгжүүлж, тэр мэдрэмжээс айх биш харин ч тэгэхдээ дурлав. Тиймээс ч өөрийн орон зайн хил хязгаарыг /personal boundary/хаана байгааг ойлгож өөртөө ч өрөөлд ч тэр хязгаарыг давуулахгүй байхаар ажиллаж байгаа.

Та бүхэн гайхаж магад “ирээдүй” гэж хэлчхээд яагаад өнгөрсөн, одоог яриад байгаа вэ гэж. Гэхдээ бидний “ирээдүй” гэж нэрлэж заншсан зүйл хэзээ үнэн болдог вэ гэвэл — туулж өнгөрүүлсэн амьдралын сургамж дээр үндэслэж, хүсч тэмүүлсэн зорилтын төлөө бидний өдөр тутам хийж буй тууштай үргэлжилсэн, жижиг алхам бүрээс л бүрддэг гэдгийг ойлгов шив дээ.

With Love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

Responses (1)