Өөрөөрөө байх урлаг

Enkhbolor Gantulga
3 min readFeb 20, 2019

--

Өнөөдөр хүн болгоны амьдралын томоохон хэсгийг эзлэх болсон нийгмийн сүлжээ, олон нийтийн стандарт, хүмүүсийн хүлээлт бидний өмнө төгс дүр төрхийг бүтээх болж — төгс гэр бүл, төгс харилцаа, төгс хайр, төгс бие галбир, төгс эр хүн… тэр дүрийг өдөр бүр “одод”, кино, нийгмийн нөлөөлөгч нараас харж, тэр дүрээр бид тэжээгдэж тийм л байж хүний хайр, хүндлэл,бишрэлийг хүртэх мэт боддог болсон.

Тэр нь ч аргагүй шүү дээ. Харж үзэж байгаагаас гадна бидний өсгөхдөө “тэдний хүүхдийг хар”, “чи онц сурч байж л мундаг болно” (тэр мундаг гэх тодорхойлолт нь юу ч юм), “хүмүүс чамайг юу гэхийн” гэх мэт өдөр бүр сонсож ирсэн эдгээр үгс — “Чи байгаагаараа хангалтгүй” гэх утга агуулж, хайрлагдахын тулд бид өөрөөрөө биш харин хэн нэгнийг дурайж, хэн нэгэн “мундаг” болж, гадны хэн нэгэн таалагдах ёстой мэт хүлээж авдаг.

Гэвч үнэн хэрэгтэй яг тийм гэж үү? Урлаг гэдэг үгийг сонгосон нь учиртай шүү. Яагаад гээч? Аливаа урлагийг бид зүгээр л хүлээн зөвшөөрдөг, харин ч илүү содон, бусдаас өөр, өөрийгөө илэрхийлсэн, сэтгэл зүрхээ шингээсэн байх тусам тэр бүтээл нь улам үнэ цэнэтэй болдог. Гэтэл яагаад бид нэг нэгнээ дурайсан, нэг хэвд цутгасан мэт жишигт дүр төрх, үзэмж, харилцаа, хайрыг тэгвэл төгс мэт хүлээж аваад байгаа юм?

Яагаад өнөөдөр залуу үе маань хамгийн амархан донтолтод өртөж байгаа? Яагаад бид хамгийн ганцаардмал нийгэмд амьдраад байгаа? энэ мэт маш олон асуулт асууж болж байна. Гол юм нь гэвэл энэ “төгс төгөлдөр” байх эрэл хайгуул хэзээ ч төгсөшгүй, тиймээс ч бид тэр хүлээлтээс өөрийгөө дутуу гэсэн үнэлгээ өгч өөрсдийгөө буруутгаж, буруушааж, өөртөө гутаж эхэлдэг.

Тиймээс, өөрөөрөө байх урлагт суралцахад юуны өмнө:

  • Өөртөө энэрэнгүй хандаж сур. Хүнд хэцүү, бүтэлгүйтсэн, хангалтгүй санагдсан үед өөрийгөө хэт их шүүмжилж, шийтгэхээс өмнө хамгийн хайртай дотно хүн чинь тийм зүйлийг туулж яваа бол Та тэр хүнд хэрхэн яаж хандах байсантай адил өөртөө чин сэтгэлээсээ, хүлээцтэй ханд.
  • Бид бүгдээрээ л хүмүүс гэдгийг ухаар. Яг одоо Таны мэдэрч байгаа бүх мэдрэмжүүдийг хүн болгон мэдэрдэг гэдгийг ойлгоорой. Өөрийн чинь шүтэн биширдэг хүн болгон л мэдэрдэг. “Би хангалтгүй”, “би буруу зүйл хийсэн” гэх мэт бодол — зүгээр хэн ч тэр бүтэлгүйтлийн талаар олон нийтэд зарлаад л байдаггүй болохоос яг үнэндээ тэр хүмүүс хамгийн их сэтгэлээ сийчүүлсэн хүмүүс байдаг.
‘There’s a crack in everything. That’s how the light gets in.’
  • Ажиг сонор бай. Яг юу мэдэрч байгаагаа, яагаад ийм мэдрэмж төрөөд байгааг бид дарах бус харин хэт хөөрөгдүүлэхгүйгээр ажиглаж, ойлгож, мэдэрч сурах.

Эцэст нь хэлэхэд, төгс төгөлдөр урлаг гэж байдаггүйтэй адил Та бол өөрийнхөө хамгийн төгс хувилбар шүү.

“ Аливаа зүйл ан цавтай байдаг. Тэрхүү цуурхайгаар л гэрэл нэвтэрдэг юм.” Leonard Cohen

With Love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet