2020 ондоо
Дотно хүрээллийн ихэнх залуус маань жил бүрийн төгсгөлд тухайн жилээ дүгнэн ирэх ондоо төлөвлөж буй зүйлсээ хуваалцдаг уламжлал болоод байгаа. Тиймээс уламжлал ёсоор энэ 2020 оны зорилгуудаа мөн зорилтуудаа тодорхойлон гаргасан билээ.
Хэрэв Facebook, Twitter-ээр дагадаг бол та хэд маань харсан байх.
#Зорилго2020:
1. Өөрийгөө хайрлаж, өрөөлд энэрэнгүй хандах.
2. Аливаа нөхцөлд өөрийн орон зайг хамгаалан нандигнаж хүмүүст эрс илэн далангүй хандах.
3. Дотоод амгалан бус байдлыг минь өдөөдөг зүйлсийг ажиглаж, сургамжлан авах.
#Зорилт2020
1. 1825 минут шинэ хэл сурах
2. 3650 минут бясалгал
3. 7300 минут йог, дасгал
4. 10950 минут алхах
5. 21900 минут ном унших
6. 175200 минут нойр
7. 0% алкоголь
Энэ нийтлэлээр харин яагаад эдгээр зорилго, зорилтуудыг гаргах болсон талаар хуваалцах гэсэн юм.
#Зорилго2020:
1. Өөрийгөө хайрлаж, өрөөлд энэрэнгүй хандах.
2018 оны хавраас эхлээд G90 гэх хөтөлбөрийг Буянаа багштайгаа явснаас хойш хэд хэдэн зүйлийг урьтаа зорилго болгон явсан билээ (тухайн үед нөгөө л нэг хаяж дуусдаггүй жин байлаа). Гэвч үнэнхүү 90 хоногийн турш нээх их зовохгүйгээр тухайн үеийн 12кг хил хаях байсан зорилгодоо хүрсний сацуу Энхболор гэдэг хүнийг илүү таньж мэдэх аялал минь эхэлсэн билээ.
2019 оны мөн хавар яг адилаар дахин энэ хөтөлбөрөө үргэлжлүүлэн багшийнхаа дэмжлэгтэйгээр энэ удаад өөртөө зориулсан 90 хоногийн сорилтыг зохиохдоо өөрийгөө ажиглагчийн байр сууриас харж, би гэдэг хүнд дутагдаж байгаа зүйлс дээр ажиллаж эхэлсэн. Үүнд яах аргагүй хамгийн том “ажиллах” хэрэгтэй нэг зүйл нь ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ, ЭНЭРЭНГҮЙ ХАНДАЖ сурах гэдэг ойлголт байсан юм.
Энэ талаар “Өөрийгөө хайрлахуйд суралцах” нийтлэлээр зах зухаас нь хүргүүлсэн байгаа юм.
2. Аливаа нөхцөлд өөрийн орон зайг хамгаалан нандигнаж хүмүүст эрс илэн далангүй хандах.
Бараг 30 нас хүртлээ ихэнхдээ “ҮГҮЙ” гэдэг үгийг тэр болгон хэлж чаддаггүй, өөрөө хүсэхгүй байсан ч эсвэл хэн нэгэнд хэрэгтэй гэхээр нь өөрийн цаг хугацаанаас хомсолж тухайн хүний хүссэн зүйлийг бүтээх гэж эрмэлздэг байсан. Нас явж, хүн ухаарна гэгчээр хүсэхгүй байгаа үедээ “ҮГҮЙ” гэж хэлж сурснаар, өөрийнхөө хүсэл эрмэлзлийг хүндэтгэж сурснаар нэг зүйлийг ойлгосон байдаг юм. Тэр нь юу вэ гэвэл “ Та эрс илэн далангүй байснаар зөвхөн өөрөөсөө гадна бусад хүмүүст хүлээлт үүсгэхгүй байж. Өөрийнхөө орон зайг хамгаалж сурдаг.”
3. Дотоод амгалан бус байдлыг минь өдөөдөг зүйлсийг ажиглаж, сургамжлан авах.
Бид өдөр тутам өөрсдийнхөө амьдралаа илүү аз жаргалтай, тайван, тохитой болгох алхмуудаа хийж байдаг. Төсөөлөлдөө, хэрэв та нэг хоол захиалаад орц, үнэр эсвэл нэг юм нь таалагдахгүй байвал тэр зүйлээ ажиглаад дахиад тэр орц орсон зүйл худалдаж авахгүйтэй адилхан. Намайг амгалан бус болгодог хүмүүс, мэдрэмж, нөхцөл байдлыг ажиглаж онц шаардлагагүй бол зайлсхийх.
#Зорилт2020
1. 1825 минут шинэ хэл сурах — өдөр бүр 5 мин зарцуулах (үүнд шинэ хэл, Монгол Англи хэлний мэдлэгээ баяжуулах)
2. 3650 минут бясалгал — өдөр бүр 10 мин
3. 7300 минут йог, дасгал — өдөр бүр 20 мин
4. 10950 минут алхах — өдөр бүр 30 мин
5. 21900 минут ном унших — өдөрт 1 цаг
6. 175200 минут нойр — өдөрт 8 цаг
7. 0% алкоголь — огт хэрэглэхгүй байх гэж бодож байсан юм ууг нь. 2019 онд нийт 140 үргэлжилсэн өдөр буюу 2 сараас 7 сарын хооронд огт алкоголь хэрэглээгүй юм. Энэ хугацаанд хамгийн өндөр бүтээмжтэй, тархины үйл ажиллагаа хуучнаас бараг 10 дахин соргог, мөн сэтгэл зүйн хувьд маш тогтвортой болсны учир энэ жил бүтэн туршиж үзэхээр зорьсон юм. Гэвч бас хэт туйлширсан болох юм шиг санагдаж OkoD-гийн гаргасан тооцооллын дагуу жилийн 90%-д нь хэрэглэхгүй байхаар шийдсэн юм.
Мөн жил бүр уламжлал болсон аяллууд, шинэ соргог содон хобби туршиж үзэх, өөрийнхөө “comfort zone”-ноос гарсан арга хэмжээнд оролцож, сониуч мөн чанараа хадгалахаар зорьж байгаа.
Та бүхэн ч гэсэн өөртөө зорилго, зорилтуудаа тодорхойлж явснаар жил ирэх тусам зарим нь амьдралын хэв маяг, дадлуудын нэг болж хувирдаг юм байна.
With Love,
Enkhbolor