3 дахь өгүүлбэрээс эхэлж харьцахаа боль
Өдөр бүр хийдэг хирнээ нээх их анзаараад байдаггүй зүйлийн талаар та бүхэндээ хуваалцмаар санагдлаа. Тэр зүйл бол харилцаа.
Ер нь бодох нээ харилцаа /communication/ нь бидний бүхий л зүйлтэй холбоотой. Хамгийн анхдагч ч бол та хэрхэн өөртэйгөө харилцаж байгаа буюу та өөрөө өөртөө хэлдэг тэр үгс. Өөрийгөө буруу нэг зүйл хийсэн гэж дүгнэнгүүтээ “ ямар тэнэг юм бэ”, эсвэл буруу зүйл хийсэн гэж бодсон ч “ за би энэ гаргасан үйлдлээсээ юу сурч болох уу” хооронд бидний бие болон ирээдүйн гаргах үйлдлүүдэд асар их зөрүү үүсдэг.
Дараагийн харилцаа бол эргэн тойрны хүмүүстэй. Нэг нийтлэл дээр бичсэнээр бид ихэнхдээ 3 дахь өгүүлбэрээс эхэлж харьцдаг. Жишээ нь, хоолны газар ороод шууд “ надад яагаад талх өгөхгүй байгаа юм бэ” гэж хэлэх нь элбэг. Гэвч эхний өгүүлбэр нь “ надад талх өгч болох уу” /асуудлын 80% шийднэ/, өгөхгүй байвал “Уучлаарай, би талх авъя гэж хэлсэн. Та сонсоогүй юм шиг байна :)” /талх авах магадлал 95% хүртэл өсдөг/. За ингээд өгөхгүй бол 3 дахь өгүүлбэрээ ашиглаж болох юм.
Бид бусдад уурлаж, бухимдахаасаа өмнө яг үндсэндээ юу хүсээд/хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн эсэх мөн тэр хүн нь эхнийх дээр сонсоогүй эсвэл мартсан байж болзошгүйг бодолцсоноор маш олон хэрүүл маргааныг болохоос нь өмнө таслах боломжтой байдаг.
Ялангуяа бид хамгийн дотно хүмүүстээ ийм байдлаар хандах гээд байдаг нь харилцаанд сэв үүсгэх томоохон хөшүүрэг болдог. Заримдаа бид өөрсдөө яг юу хүсээд байгаагаа ч тодорхойлоогүй байж нөгөө хүнээсээ далдыг харагч, таны хүслийг таамаглах ид шидтэн мэт хүлээж авах гээд байдаг талтай.
Тиймээс, бид өөрсөдтэйгөө харьцаж буй байдал мөн бусадтайгаа хэрхэн харьцаж байгаадаа дүн шинжилгээ хийснээр өөртөө амар амгалан, бусдадаа ч энэрэнгүй харьцах боломж үүснэ.
With Love,
Enkhbolor