Амьдрахаас айж байгаа чи, миний үхэлд юунд санаа зовов?
Энэ өгүүлбэрийг уншаад зүрх “ёонк” гэх шиг болсон. Марк Мэнсоны “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номын хэсэгт зохиолч анх амьдралыг нь оронгоор нь эргүүлсэн үйл явдлын дараа талийгч болсон найзынх нь хэлсэн үг юм.
Энэ өгүүлбэрийг уншаад нэрээ юу билээ гэж хэсэг эргэцүүлэв. Энэ мөч хүртэл амьдралдаа хийсэн эсвэл надад тохиосон үйл явдлууд юу билээ? Нээрээ л Энхболор гэдэг хүн юу хийж, яах гэж, юунд тэмүүлж, өдий хүртэл юу туулаад, хашаа явж, юу хүсээд байгаа, яагаад гэх асуултууд ар араас цуварсаар хэд хонолоо.
Тэгээд энэ номоос таалагдсан болон сэтгэлд хоногшин үлдсэн хэдэн зүйлийг хуваалцмаар санагдлаа:
1. Чамаас өөр хэн ч, юу ч чамайг аз жаргалгүй хүн болгож чадахгүй.
Бидэнд тохиолдож буй үйл явдал, учирч буй хүмүүс харамсалтайгаар хүнд цочрол үзүүлэх эсвэл бидний хэлж заншсанаар “муу хүнтэй учирлаа”, “ёрын үйл явдал” болох гэх мэт. Гэвч, яг үнэндээ сонголт үргэлж биднийх байдаг – насан туршдаа харамсаж, гашуудаж, өс хонзон тээж явах уу эсвэл өөрийгөө, тэр хүнийг уучилж эрх чөлөөтэй амьдрах уу.
2. Үнэт зүйлсээ тодорхойлохдоо сонор байх.
Азаар олон жилийн өмнөөс миний хувьд чухал үнэт зүйлээ тодорхойлсон бөгөөд хүсвэл 32 насандаа сурсан 32 зүйлээс уншиж болно.
3. “Би тэмцэхээс илүүтэйгээр шагналыг хүссэн. Надад үйл явцаас нь илүүтэйгээр эцсийн үр дүн ч чухал байсан. Би тулаанд биш ялалтад дурласан”
Хүн ямар ч салбарт, хаа ч, хэнтэй ч амжилт гаргаж чадна гэхдээ тэр үр дүнд хүрэхэд юуг туулж, золиосолж, тэмцэж, хүнд хэцүү саад тотгор болгоныг даван туулахыг хүсэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Тэр өвдөлтийг мэдрэхээс айхгүй, зовуур, шарх болгондоо дурлаж (embrace) байж л хүсэмжит үр дүнгээ авдаг.
4. 100 хувийн, туйлын итгэл үнэмшлийн аюулын тухай.
“Бидний үнэт зүйлс (values) төгс бус болон дутуу дулимаг байдаг бөгөөд төгсөрсөн мэт бодох нь эрх, ямба, зэрэглэл үүсгэж хариуцлага хүлээх чадварыг үгүй болгодог.” Өөрийн бодлоо төгс болсон мэт туйлширсан үзэл бодолтой хүмүүстэй уулзахаар “ямар олон зүйлийг тэд мэдрэлгүй, ойлголгүй, ухааралгүй явдаг бол” гэж боддог.
5. Хүүхэд хөлд орж байхдаа унаж, тусаж, бүдэрч явахдаа хэзээ ч “ надад ер нь энэ алхах гэдэг зүйлд тохирохгүй юм байна” гэж больдоггүй.
Тайлбар илүүц биз.
6. Аливаа харилцаанд хил хязгаар тогтоох.
“Хохирогч” болон “аврагч” хүмүүсийн тухай – нэг нь болохоор өөрийн бүтэлгүйтэл болгоноо бусад хүмүүст тохож, нөгөөх нь бусад хүмүүсийг сайжруулж, буцалтгүй тусламжийн төсөл мэт хардаг хүмүүс. Ялангуяа хань ижлүүдийн хувьд бол нэг нэгнийхээ онцгүй зан үйлийг нь шударгаар хэлдэг, урдуур нь гүйж орж хамаг юмыг нь хийхээс илүүтэйгээр өөрт нь алдах боломж олгодог харилцаа байх нь нэн чухал.
Уншихад эхэндээ их ярвигтай ном байсан ( хэт их хараалын үгтэй мөн сөрөг хандлагатай) байсан. Гэхдээ төгсгөл нь таалагдлаа.
With love,
Enkhbolor