Бүхий л зүйл түр хугацааных…
Энэ үгийг бишгүй л их сонсож байсан байх. Магадгүй өөр нэг хувилбар нь “Энэ ч гэсэн болоод өнгөрөх болно” /This too shall pass/. Эдгээр үгсийг ашиглах болсон шалтгаанууд нь мөн өөр байдаг.
Заримдаа биднийг сорьж, туршиж үзсэн тохиолдлуудтай нүүр тулах цагт хэн нэгэн дотно эдгээр үгсээр дэмжих гэж оролдоно. Ойр дотно хэн нэгнээ алдах, маш ихээр хүсэж тэмүүлж явсан зүйл бүтэлгүйтэх, сэтгэлийн гансрал гуньхрал гэх мэт мөчүүдэд энэ өнцгөөс харах нь эдгээр хүнд нөхцөлд дэм болдог.
Гэхдээ уг нийтлэлээр өөр ямар өнцгөөс энэхүү үгсийг харж болох вэ гэвэл:
1. Яг одоо, яг энэ мөчид байгаа бүхнээ анзаарч, аз жаргалаа мэдрэх
Өөдөөс хараад мөөм өө идэж байгаа хүүхдийнхээ нүдийг хараад, эсвэл олон юм шулганаад баясаж инээж буй төрхийг нь ажиглаад, эсвэл ухаалаг асуулт асуух тэр мөчид өөрийгөө ямар азтай хүн болохоо бүтэн мэдрэх. Өөрийн хамгаас хайртай нандин нэгэнтэй учрахад, эсвэл гэр бүлээс дотно найз нөхөдтэйгөө хамт сууж байхад, цэцэглэж буй бизнес босгох тэр явцад — бидэнд зөвхөн тэр мөч бий — тиймээс гайхалтай бүхнээ анзаарч бүтэн мэдрээрэй!
2. Байгаа бүхэндээ талархах
Энх мэнд эрүүл саруул байгаа гэр бүлийнхэнд, амьдралд тань байдаг ер бусын дотно хүрээллийнхэн, шинэ бүхнийг хийх боломж олгодог ажил, мэргэжил, өдөр бүр энэ болгоныг мэдэрч буй таны бие, сэтгэл. Тэр болгон бид нар хамгийн дотно хүмүүстээ талархаж, баярласнаа биетээр хэлдэггүй — магадгүй энэ завшааныг ашиглаад ганцхан үгээр ч хамаагүй талархлаа илэрхийлээд үзээрэй. Бас хамгийн гол нь таныг мөч болгонд таныг эрүүл саруул байлгахад цохилж буй зүрх, бусад бүхий л эрхтнүүд буюу бие махбоддоо талархаж сурах.
3. Хэт хамааралд орохоос зайлсхийх
Хэн нэгэн, биет зүйлс, харилцаа, ажил, үзэл бодол … бүх зүйл түр хугацааных. Арван жилдээ хамгийн дотно байсан хүнтэй огт холбогдохоо больсон байх, нандигнан тоглож байсан тоглоомоос хагацах, тэр хүнгүйгээр амьдрал байхгүй мэт санагдаж байсан хүнээ өөр хүнтэй суухыг хараад баярлах, хүүхэд байхдаа “хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэхгүй” гэсэн бодол холын нэгэн зүйл болж хувирах. Бүхий л зүйл түр хугацааных — энэ ч гэсэн өнгөрөх л болно.
4. Сүүлчийн уулзалт хэзээ байхыг мэдэхгүй
Бидний хэн нь ч тухайн хүнтэй уулзах сүүлийн мөч хэзээ байхыг мэдэхгүй, тааж таамаглаж ч чадахгүй. Тиймээс үргэлж сүүлчийн удаа мэт хайрлаж бай, амьдралд бэлэглэдэг үнэ цэнийг нь үнэлж бай. Яг одоо хайрла, яг одоо уучлалт гуй, яг одоо цэцэг бэлэглэ, яг одоо энэ мөчид бүжиглэ! Жижиг сажиг, утгагүй зүйлээс болж маргалдсан бол яг одоо очоод учраа ол! Хайртай хүн чинь амьдралаас чинь одоход үргэлж би өөр юу хийж чадах байсан бол гэсэн эргэлзээ төрдөг. Яг одоо хийж болох бүхнээ хий! Зүгээр тэр хүн өөрийнхөө тэр төрхөөрөө байдагт талархан хайрлаж, таны хувьд ямар үнэ цэнэтэй болохоо шууд хэл.
Бид бүгд насан туршдаа цорын ганц яг одоо л гэсэн мөчид амьд байдаг. Тиймээс аливаа хэн нэгнээс буруу хайж, нийгмийн тавьсан стандартад хүрэхгүй байхаас ичиж, аливаа айдсадаа баригдалгүйгээр хайртай хүмүүстээ хайртайгаа илэрхийлж, нандигнан олдсон гэр бүлээ халамжилж, дотно хүмүүстээ тусалж дэмжиж, чинь шударгаар үнэнчээр нэг нэгнийхээ болон хамгийн чухал нь өөрийнхөө аз жаргалын төлөө бүхий л сонголтуудаа хийе.
With Love,
Enkhbolor
Gathering thoughts from reading books, articles and conversations.