Их цэвэрлэгээ хийцгээх үү?

Enkhbolor Gantulga
3 min readMar 25, 2020

--

Өнөөдөр Covid-19 тархалттай холбоотойгоор дэлхий дахинд нийт 1.5 тэрбум хүн “нийтээс хөндийрөх” /social distancing/ цагт нэлээд хэдэн сонирхолтой зүйлс ажиглагдаж байна л даа. Өмнө нь тэр бүр цаг гаргаад байдаггүй эсвэл гаргах боломж гардаггүй зүйлс дээр анхаарах бүрэн боломж олгож байх шиг санагдана.

Photo by Nomin Munk

Өдөр тутмын “завгүй” амьдралаас гэртээ ихэнх цагаа зарцуулах болсон дээр нь хэд хэдэн хэрэгжүүлж үзэх хэрэгтэй зүйлсийг хуваалцмаар байна:

1. Гэртээ бүтэн цэвэрлэгээ хийх.

Зүгээр нэг тоос арчих биш бүтэн цэвэрлэгээ гэхээр — дээр үеийн хэзээ ч ашигладаггүй эд хогшил, тавилга, гал тогооны хэрэгсэл, гэх мэт бүх өрөөний шүүгээгээ нээгээд үз — хэрэггүй гэж бодсон бүх зүйлийг хая! Буцаагаад хэрэгтэй зүйлсээ далд хийхдээ эмх цэгцтэй байдлаар далд хийчих. Эндээс гоё санаа аваарай! Эргэн тойрон эмх цэгцтэй байхад дагаад сэтгэлд хүртэл өег мэдрэмж төрдөг. Хүүхдүүдтэйгээ хамт хийхэд хүртэл зугаатай байдлаар тоглоом мэт тоглож болно шүү.

2. Бие, бодол, сэтгэл санааны гүн цэвэрлэгээ хийх.

“Нэгэнт гадагшаа гарч болохгүй байгаа цагт өөррүүгээ өнгийх боломж” гэж бичсэнээр өнөөдөр Та бүхэнд өдөр бүр идэж байгаа хоолоо анзаарах. Дэлгүүр орохдоо аль болох ногоо, жимс, жимсгэнэ авч, хийж үзнэ гэж бодож байсан амтат хоолны жороо туршиж үзэх, магадгүй шинэ төрлийн хоолны дадал тогтоох, мацаг барьж үзэх гэх мэт… биеэ сайхан амраах.

Бидний ертөнц бол бидний бодлын цар хүрээгээр л тодорхойлогддог. Ажил гэр гэх завгүй үедээ тэр бүр анзаараад байдаггүй байсан бодлуудаа анхаарах гэж үзээрэй. Хэн нэгний гаргаж байгаа үйлдлийг Та хараад хэрхэн шүүж байна? Шүүмжтэй хандаж байна уу? Эсвэл ямар мангар юм бэ гэх мэт тархинд болж байгаа үйл явцад илүү нухацтай хандах. Сөрөг бодол болгон чинь таны стресс нэмэгдүүлж байгаа учир аль болох тэдгээрээс татгалзах.

Бодлуудаас гадна бидний дотоод ертөнцийг илэрхийлж байдаг сэтгэл хөдлөлийн гүн руу өнгийж үзэх. Яах аргагүй танд байгаа цорын ганц зүйл бол та өөрөө. Дотоод ертөнцийн өнгөө яаж будахаас шалтгаалан эргэн тойрон чинь бас л тэр өнгөөр харагдана. Тиймээс бүхий л зүйлд бухимдан хүлээн авч, хамгийн дотно хүмүүсээ гомдоосоор, өөрийгөө үзэн ядаж, буруутгасаар байгаа үед таны эргэн тойрон яг л тийм байна. Тэгэхлээр бүгдээрээ өөрийгөө уучилж, хайртай хүмүүстээ хайртайгаа хэлж, байгаа зүйлдээ талархацгаяа!

3. Хүрээлэл/хотлын цэвэрлэгээ хийх.

Энэ нь зөвхөн нийгмийн сүлжээнээс /FB, IG, Tweeter/ гадна бас өөрийг тань хүрээлдэг хүмүүс мөн багтана. Энэ нөхцөлд танд хэн санаа тавьж байна? Хэнээс та зөв мэдээлэл олж авч чадаж байна? Танд эерэгээр хэн нөлөөлж байна? гэх мэт ажиглалтуудаа сайн хийж аваарай. Хэрэггүй худал мэдээлэл тараадаг, үргэлж бүх юм болохгүй байна гэж үглэж яншдаг хүмүүсийг нийгмийн сүлжээнээсээ хасаж бас амьдрал дээр ч гэсэн зайгаа барих цаг нь болсон.

Тэгэхлээр “нийтээс хөндийрөх” энэхүү цаг хугацааг өөртөө зориулж өөрийнхөө хамгийн гайхалтай хувилбар болоход ашиглаарай!

With Love,

Enkhbolor

--

--

Enkhbolor Gantulga
Enkhbolor Gantulga

Written by Enkhbolor Gantulga

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.

No responses yet