Согтууруулах ундааны тухай нүцгэн үнэн #1
ТА өөрийгөө архитай хэр зөв харилцаатай гэж бодож байна? Хагас сайнд өчигдөр болсон явдлыг хагас хугас санаж сэрж байсан уу? Урт ажлын өдөр дуусахад “халбага пиво” гэж гараад үүрийн цолмонтой хамт гэрт орж ирж байсан уу? Архи хэтрүүлэн хэрэглээд маргааш нь хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ харамсаж байсан үе байгаа юу?
Эдгээр асуултуудад эерэгээр хариулсан, эсвэл хэзээ нэгэн цагт өөрийн эсвэл ойр дотно хүмүүсийн алкоголийн хэрэглээний талаар бодолцох хэрэг гарч байсан уу? Дийлэнх хүмүүсийн хувьд согтууруулах ундаатай (пиво, вино бас орж байгаа шүү) холбоотой ийм хэдэн үзэл бодлууд байдаг:
1. Авч байгаа мэдрэмж нь гоё, таашаалтай байдаг
2. Тайвшруулдаг
3. Олон нийтийн арга хэмжээнд зайлшгүй байх хэрэгтэй
4. Ямар ч үдэшлэг алкогольгүй бол парти биш
5. Бид нарыг илүү бүтээлч мөн хошин шогийн мэдрэмжийг нэмэгдүүлдэг
6. Стрессдэх болон уйтгарлахаас сэргийлдэг
7. Зарим хүмүүс донтсон байдаг, архинаас гарч чаддаггүй
8. Архичин, архинд донтолтын тодорхойлолт, хэмжих нэгж
Эдгээр үзэл бодлуудыг хүн бүрийн хувьд өөр мөн далд ухамсарт хүүхэд наснаас суусан байдаг болохоор өөрчлөхөд тун хэцүү. Гэхдээ танд тунгаан бодох 6 суурь үзэл баримтлалыг цуврал болгон хүргэе:
1. Согтууруулах ундаа нь амьдралын салшгүй нэг хэсэг болсон.
Яах аргагүй үнэн л дээ, өдөр бүр бидний эргэн тойронд алкогольтай холбоотой үйл явдал өрнөж л байдаг — төрсөн өдөр, найр, найз эхнэртэй муудалцсан, хөгжмийн тоглолт, ажлынхан гарна гээд л гарч орох шалтгаан бол дуусахгүй. Бид нар өглөө сэрээд шүдээ угаадаг, эсвэл машин барьдаг, эсвэл нүүрээ буддаг шиг хэвийн нэг үзэгдэл болсон байдаг. Тийм хэвшмэл зүйл эсвэл зуршлын талаар бид нар нээх тэр болгон анхаарал хандуулж бодоод байдаггүй. Гэвч амьдралын нэг хэсэг болсон энэ зүйлд Та гэр бүлээ сүйрүүлж, хүүхдүүдийг үзэн ядах, санхүүгийн хүнд байдалд орох, өөрийгөө хүндлэх хүндлэлийг юу ч үгүй болгох эрх мэдлийг олгоно гэж үү?
Маш олон хүмүүс яг энэ асуултад — би хүсэж байгаа болохоор ууж байгаа, надад амт нь таалагддаг, магадгүй би уухыг сонгож байгаа, би ямар архичин биш гэж хариулах байх.
Тэгвэл би Танд уухаа больсны чинь төлөө 5 сая төгрөг өгье. Та авах уу? Эсвэл бодох хэрэг гарч байна уу? Тэгвэл, 1 тэрбум өгье гэхдээ та хэзээ ч ууж болохгүй. 1 тэрбумын төлөө хүн ямар ч зуршлаа өөрчилж чадах л байлгүй … чадах уу?
Алкоголийн биед муу гэдгийг хүн болгон л мэдэж байгаа байх. Биеэ мансууруулах бодисоор хордуулахгүй байхын чинь төлөө 5 сая төгрөг өгье гэхэд та бодох шаардлага гарч байгаа бол дүгнэлт хийж ер нь өөрийгөө алкогольтай ямар хэм хэмжээний харилцаатай байгааг нэг анзаарах цаг нь болсон болов уу?
“This naked mind” гэж хамгийн сүүлд уншсан номноос тоймлож бичсэн нийтлэл юм. Цуврал байдлаар дараагийн хэсгүүдийг нь хүргэх болно.
With Love,
Enkhbolor