Согтууруулах ундааны тухай нүцгэн үнэн #2
Ийм зүйл төсөөлөө … Та анх удаа гав харчхаад гараа гавлаад үзсэн чинь түлхүүрийг нь олохоо байлаа. Тэгсэн хүн болгон таныг буруутгаад байна. Та энэ гавыг зүүсэндээ харамсаж байгаа. Маш ичгүүртэй, хэцүү байна. Таны хайртай хүн чинь энэ гавыг үзүүлэхээр эмнэлэг рүү дагуулж очлоо. Бугуйг нь хараад эмч “арьс чинь гэмтэж эхэлсэн байна” гэсэн онош тавьж. Хайртай хүн чинь гэрт хийдэг байсан үүргээ биелүүлэхээ байсанд чинь туньж эхэллээ. Эмч нар үзээд гав зүүх таны эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөлтэй болохыг тайлбарлаж, хэрэв та гаваа авч хаяхгүй бол та үхэх аюултай болохыг чинь анхаарууллаа. Энэ нь таны эрүүл мэнд, гэр бүл, амьдралд чинь нөлөөлж байгаа гэж тайлбарласаар л. Хүүхдүүдээ авч чадахгүй, тэд нарт ямар үлгэр дууриал үзүүлж байгааг дахин санууллаа. Энэ гавыг тайлж авч хаях эмчилгээ бичиг өглөө. Гэвч эмчид гавны түлхүүр байхгүй болохоор юу ч хэлсэн бай тэр нь танд тус болж чадахгүй.
Би алкоголийн хэмжээг тохируулан хэрэглэдэг гэж бодож байгаа бол тэгвэл яагаад өнөөдөр өөрийн чинь ажил, амьдралд нөлөөлөөд эхэлж байхад та больчхож болохгүй байгаа юм? Хэрэв энэ нь хүний өөрийн сонголт байсан бол өглөө сэрээд ахиж ийм их уухгүй гэж өөртөө хэлсэн хэрнэ уухгүй байж болохгүй байгаа? Сонголт хийсэн бол болих сонголт хийгээд л болно биздээ. Гэвч хамааралтай болсон үед энэ чинь, харамсалтай нь, ажилладаг зарчим биш болдог.
Хүн гэхдээ сэтгэлийн тэнхээтэй байвал гаваа авч чадна гэдэгт итгэсээр л явдаг.
Өмнөх нийтлэлийн үргэлжлэл болгон хүмүүсийн алкоголийн талаар хэлдэг, эсвэл олон нийт дунд тогтсон нийтлэг мөн чанар, үзэл бодлын талаар “This Naked Mind” номоос 2 дахь хэсгийг хүргүүлж байна.
2. Алкоголийн амтанд нь болж хэрэглэдэг.
Та анх алкоголь амсаж үзэж байсан туршлагаа санаж байна уу? Дийлэнх хүүхдүүдэд амсуулахад — ямар балиар мэдрэмж төрдөг вэ. Гэвч бид эргэн тойрны хүмүүсийг харахад амтыг нь шимтэн хэрэглэж Та түүнд итгэж хэрэглэх тусам өөрийн дуртай төрлийг олдог нь үнэн. Хүн гэдэг их хурдан дасдаг амьтан л даа — малын хашаа дээр эсвэл махны зах анх ороход үнэр нь хамар цоргиулдаг хэрнэ жоохон удаад ирэхэд анзаарахаа больдогтой мөн л адил ш дээ. Алкоголь угаасаа л муухай амттай.
3. Алкоголь шингэн зориг
Сурталчилгаанд ганц шот татаад таалагдсан бүсгүй дээр очих, эсвэл та өөрөө ч гэсэн тайз дээр гарах, хүнтэй яриа өрнүүлэх, өөрийн тавтай орчноос гарах үед ганц хундага дарс хэрэглэхэд гардаг үр дүнг мэдэж л байгаа байх.
Гэвч яг тийм нөхцөл байдалд танд төрөх айдас, сандрал, болгоомжлох мэдрэмжүүд эвгүй хэдий ч таныг илүү хурцалж — илтгэлээ сайн бэлдэх, таалагдсан бүсгүйдээ илүү зүйл сэдэж олж танилцах, шинэлэг аргачлалууд бий болгох сэтгэлгээг идэвхижүүлж байдаг. Мөн дараа дараагийн удаа улам л сайжирдаг. Гэтэл алкоголь хэрэглэснээр тэр эвгүй хэдий ч тийм чухал мэдрэмжүүдийг чинь алга болгодог. Энэ эвгүй мэдрэмжүүдийг харин даван туулж хүссэн зүйлээ хийх нь харин ч жинхэнэ эр зориг байх шүү.
4. Уухаар илүү бие сул тавьж чаддаг болон бэлгийн харьцааг илүү гоё болгодог
Ганц 2 пивоны дараа өөрийн төрөлх ичимхий зан нь бага багаар алга болж, яриа нь илүү хөгжилтэй, нээлттэй болохыг анзаарч байсан уу? Магадгүй, хундага дарсны дараа азтай шөнийг өнгөрүүлэх боломж олдох магадлал нь нэмэгдэж байсныг анзаарсан л байх.
Гэвч нэг зүйл дээр санал нэгдэх байх гэж бодож байна — яг алкоголь хэрэглэж эхэлсэн л бол дийлэнх хүмүүс бодож байснаасаа хэтрүүлэн хэрэглэсэн байдаг. Мөн эрүүлдээ хэзээ ч хийхээргүй байсан зүйлсээ хийсэн байдаг. Хүн хэзээ ч хэн нэгнийг ална гэж боддоггүй гэтэл согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэсэн жолооч нарын хэд нь хүн амины хэргээр шоронд ордог гэж бодож байна.
Мөн алкоголь таны бүх мэдрэмжүүдийг бууруулж байхад яаж бэлгийн харьцаанаас илүү таашаал авна гэж бодож байгаа юм бэ? Бас хэтрүүлэн хэрэглэсний дараа хэдэн удаа өөр газар хүсээгүй хүнтэйгээ сэрж байсан бол.
5. Стрессээ тайлж, тайвшрахын тулд уудаг
Эргэн тойрны бараг хүн бүр л урт, ачаалалтай өдрийн дараа эсвэл хэрүүл маргаан, хүнд нөхцөлд орохоороо халбага пиво найз нөхөдтэйгөө хувааж, эсвэл хундага дарс гэртээ задлан сууж байгаа. Тэр мэдрэмжийг та өөрөө ч нэг нь байж, тухайн үед нь тайвшрах мэдрэмж авдаг. Гэвч үнэндээ бид стресс үүсгэж байгаа асуудлыг шийдвэрлэснээр л жинхэнээсээ тайвширдаг. Гэтэл бид алкоголь хэрэглэж тус асуудлыг шийдвэрлэхгүйгээс гадна яг тийм үед хүн согтох нь хамаагүй хурдан байдаг учраас “тэнэг” үйлдэл хийсэн, эсвэл баахан илүү юм хэлчихсэн, зан авир гаргасан гэх мэт илүү стрессдэх зүйл нэмчихсэн л байдаг.
6. Өөрийнхөө хэмжээг мэдэж ууж байгаа — илүү аз жаргалыг мэдэрдэг
Өнөөдрийн нийгэмд алкогольгүй тэмдэглэлт үйл явдал гэж бараг үгүй. Хурим найр, төрсөн өдөр, шагнал урамшуулал, найзуудын нийллэг, спортын үйл явдал, гэх мэт — гэхдээ ийм арга хэмжээний нэгэнд та жолооч хийх, эсвэл эмчилгээнээс болоод алкоголь хэрэглэж болохгүй үеэ нэг сандаа. Шал тэнэг хүн болгон зугаатай байхад би ганцаараа … гэх бодол.
Алкоголь хүнийг илүү аз жаргалтай болгодог бус харин бид нар алкогольгүйгээр хэрхэн жаргалтай байхаа мэдэхээ байсан.
7. Алкоголь нийгмийн амьдралд нэн чухал
Бид ухаан орсон цагаасаа хойш бүхий л арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдал, зар сурталчилгаагаар дамжуулан, өөрийн мэдэрсэн мэдрэмжүүдээрээ ч тэр, мөн далд ухамсарт алкоголь бол нийгмийн нэг хэсэг гэж автоматаар хүлээн авдаг. Тийм ч учраас нэг мэдэхэд пиво, эсвэл вино шимээд л зогсож байдаг. Нэгэнт согтууруулах ундаа мансууруулах үйлчилгээтэй учраас бага ч гэсэн хамаарал үүсж эхэлдэг. (Хүний биеэс бүтэн гарахад хамгийн багадаа 10 хоног болдог) Тиймээс удаан хэрэглэхгүй болбол нэхэгдэж эхэлдэг. Халбага пиво ч сайхан сонсогдож байна шүү гэх бодол орж ирнэ. Тиймээс ч алкогольтай уулзалт танд илүү зугаатай санагдаж эхэлдэг. Цаашлах тусам ямар арга хэмжээ вэ, хэнтэй уух нь чухал бус болж, шинэ дурсамж бүтээх бус хүн бүр, уулзалт бүр нэг л хэвийн болж хувирдаг.
8. Алкоголь соёлын нэг хэсэг болсон. Гадуурхагдахгүй байхын тулд уудаг
Яах аргагүй үнэн л дээ… Зарим хүмүүс бүүр “уудаггүй хүн дотуур тамиртай” гэж хэлдэг. Жоохон байхад бид нарт “Тэр байшингаас үсэрвэл дагаад үсрэх үү?” Гэсэн асуулт сонсоогүй хүн бараг байхгүй л байх гэвч алкоголийн хувьд “Тийм” гэсэн хариулт өгөх нь элбэг.
Өнөөдөр бид согтууруулах ундаанд суурилсан нийгэмд амьдарч байгаа. Энэ нь бидний дотор байдаг суурь айдсууд болох ганцаардал, үхэл, хүн болсны утга учир, эрх чөлөө гэх 4 зүйл дээр суурилж өдөр тутам эргэн тойронд нөхөрлөл, хүлээн зөвшөөрөгдөх, талархал, аз жаргал болон залуу насыг амласан ил далд сурталчилсан мэдээллийн эринд амьдарч байгаа.
Магадгүй өнөөдөр энэ бидний бодит байдал байгаа хэдий ч … өнөөдөр тамхи дээр байдаг зураг шиг алкоголийн тухай нүцгэн үнэнийг үр хүүхэд, хойч үедээ зориулж яагаад маргаашийг бид нар бүтээж болохгүй гэж?
With love,
Enkhbolor